
Ажилтнуудынхаа хөдөлмөрлөх нөхцөлийг сайжруулах зорилго дор 8 сарын 1-ний өдрөөс гурван сар гаруй хугацаанд үргэлжилсэн хамтын хэлэлцээ тохиролцоонд хүрч, Хамтын гэрээний төслийн хүрээнд дэвшүүлсэн асуудал нэг бүрийг талууд нухацтай хэлэлцэж, хамтын шийдвэрт хүрснээ дуулгахад таатай байна.
Хэлэлцээний үр дүнд үндсэн цалин, илүү цаг, шөнийн цагийн нөхцөлийг нэмэгдүүлэхийн сацуу бусад томоохон өөрчлөлт, сайжруулалтыг харилцан тохиролцоод байна. Эдгээр сайжруулалт нь нийт ажилтнуудын хувьд эерэг нөлөөтэй байгаа ба ажилтан тус бүрийн ажлын байршил, хуваарь, нөхцөлөөс хамаарч ялгаатай байх болно. Хэлэлцээний талууд ажилчдад нэн тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэх мөн Оюу толгой уурхайн цаашдын тогтвортой үйл ажиллагааг хангахуйц харилцан үр ашигтай шийдэлд хүрсэн гэдгийг онцолж байна.
Ийнхүү хэлэлцээний үйл явц бүрэн дуусаж, талууд гэрээг маргааш буюу 11 сарын 21-ний өдөр үзэглэсний дараа холбогдох эрх бүхий байгууллагаар хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг нягтлуулж, хамтын гэрээг албан ёсоор баталгаажуулах юм. Хуулийн дагуу баталгаажуулсны дараа, Хамтын гэрээг хэрэгжүүлэх ажил эхлэх ба тухайлбал цаг бүртгэл, цалингийн системийн өөрчлөлт тохиргоог хийхээр хариуцсан багууд ажиллана. Иймд гэрээний хэрэгжилтийг бүрэн хангахад тодорхой цаг хугацаа шаардлагатайг та бүхэн ойлгоно гэдэгт итгэж байна.
Хамтын гэрээний үр дүн болон сайжруулсан өөрчлөлтүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэнд үргэлжлүүлэн шат дараалалтай хүргэх болно.
Хэлэлцээний явцад бидэнд дэмжлэг үзүүлж, санал бодлоо хуваалцан, үйл ажиллагааны зорилго болон тасралтгүй байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсан нийт хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Хүндэтгэсэн,
“Оюу толгой” ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо
“Оюу толгой” ХХК-ийн Орон нутгийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороо
“Оюу толгой” ХХК