
Сайн байцгаана уу,
Хамтын гэрээний хэлэлцээг амжилттай дуусгаж, 2024 оны 11 сарын 21-ний өдөр “Оюу толгой” компани болон Үйлдвэрчний эвлэлийн хороод хамтран ажилтнуудын хөдөлмөрлөх нөхцөлийг сайжруулах, тогтвортой, гурван жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх Хамтын гэрээг үзэглэлээ. Энэхүү гэрээ нь ажилтнууд болон тэдний гэр бүлд чиглэсэн үр өгөөжтэй гэрээ болсныг дуулгахад таатай байна.
Талуудын хувьд хамтын хэлэлцээний зорилт нь ажилтнуудынхаа гарт олгох цалин хөлсийг дорвитой нэмэгдүүлэхийн зэрэгцээ нийгмийн хамгаалал, хөдөлмөрлөх нөхцөлийг улам сайжруулах явдал байлаа. Энэхүү зорилгынхоо хүрээнд тохирсон бүхий л сайжруулалт нь нийт ажилтны хувьд эерэг нөлөөтэй байгаа ба ажилтан тус бүрийн ажлын нөхцөл, байршил зэргээс хамааран харилцан адилгүй байх юм.
Хамтын хэлэлцээгээр цалин хөлс, хөнгөлөлт урамшуулал, нийгмийн хамгаалал, сургалт хөгжил, аюулгүй ажиллагаа зэрэг өргөн цар хүрээ бүхий 10 бүлэг заалтуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд дараах онцлох үр өгөөжийг нийт ажилтандаа хүргэх юм.
Цалин хөлсөнд шууд нөлөөлөх үр дүнгээс онцолбол:
- “Оюу толгой” ХХК-ийн ажилтнуудын ам.доллароор илэрхийлэгдэх сарын үндсэн цалинг Хамтын гэрээ үйлчлэх эхний жил болох 2025 онд 200 ам.доллароор нэмэгдүүлэх.
- Уурхайн цогцолборын уртын ээлжийн ажилтнуудын өдөрт ажиллах ердийн 8 цагаас дээш ажилласан илүү цагийг дундаж цалин хөлсийг 1.6 дахин нэмэгдүүлэн олгох.
- Шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг дундаж цалин хөлсийг 1.2 дахин нэмэгдүүлэн олгож байсныг сайжруулан 1.3 дахин нэмэгдүүлж олгох.
- Улаанбаатар, Даланзадгад, Ханбогд оффисын ажилтнуудын Хоол, унааны хөнгөлөлтийг 1 сая төгрөг болгон нэмэгдүүлэх.
- Цалин хөлсний бодолтыг сайжруулах, энгийн ойлгомжтой болгохоор талууд цаг бүртгэл, цалин бодолтын системийн сайжруулалтын төслийг хамтран хэрэгжүүлэх. (Энэхүү төслийн хүрээнд мөн урт хугацааны чөлөөтэй үеийн цалин хөлсний бодолтыг нягтлан, сайжруулах дээр хамтран ажиллах юм.)
Дээрх онцлох заалтууд болон бусад өөрчлөлт, сайжруулалт, тэдгээрийн хэрэгжих хугацаа болон нөхцөлийн талаарх дэлгэрэнгүйг дараах хавсралт дахь товхимлоос хүлээн авна уу. Мөн 2025-2027 оны Хамтын гэрээний эх хувилбарыг ОТ Инфо апп-ын Хамтын хэлэлцээ хэсэгт байршуулах тул нэмэлтээр уншиж танилцах боломжтой.
Энэхүү өөрчлөлт, сайжруулалтыг холбогдох багууд тодорхой заасан хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллана.
Мөн Хамтын гэрээг хуулийн дагуу баталгаажуулсны дараа талууд нийт ажилтанд биечлэн танилцуулах уулзалтыг зохион байгуулах бөгөөд уг уулзалтуудаар та бүхэн Хамтын гэрээний үр дүн болон хэрэгжилттэй холбоотой асуулт, тодруулга авах боломжтой. Уулзалтын дэлгэрэнгүй хуваарийг удирдах ажилтнуудаар дамжуулан хүргэх болно.
Хүндэтгэсэн,
Хамтын хэлэлцээний баг