
Хамтын хэлэлцээний явцын тухай мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Талууд цалин хөлсний тухай саналыг хэлэлцэж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хурлуудаар дундаж цалин хөлсний бүрэлдэхүүн, уртын ээлжийн ажилтны илүү цагийн болон шөнийн ээлжийн нэмэгдэл хөлсний талаарх саналыг хэлэлцлээ.
Ажил олгогч талын саналын дагуу дундаж цалин хөлсний бүрэлдэхүүнийг одоогийн хэвээр хадгалах тухай хэлэлцсэн бөгөөд энэ нь илүү цаг болон шөнийн ээлжийн нэмэгдэл хөлсний бодолтын хөөсрөлтөөс улбаалсан цалин хөлсний тэгш бус байдал эргэн үүсэхээс сэргийлэх суурь зарчим болохыг илэрхийлсэн.
Харин Үйлдвэрчний эвлэлийн хороодоос дундаж цалингийн бүрэлдэхүүнтэй холбоотойгоор илүү цаг болон шөнийн ээлжийн нэмэгдэл хөлсний тухай хамтын шийдэлд хүрэх байр суурийг илэрхийлсэн. Иймд ажил олгогч талаас ажилтны өдөрт ажиллаж буй 8 цагийг ердийн цагаар, түүнээс дээш ажиллаж буй цагийг илүү цагаар тооцон олгох саналыг тавьж улмаар талууд зөвшилцөлд хүрээд байна. Манай хэвийн бус нөхцөлд ажиллаж буй ажилтнуудын тухайд 7 цаг нь ердийн цагаар, түүнээс дээш ажиллаж буй цагийг илүү цагаар тооцно. Мөн шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг одоогийн нөхцөлөөс сайжруулахаар хэлэлцэж зөвшилцлөө.
Ийнхүү талууд ирэх хурлаар Хамтын гэрээний төслийн бусад асуудлаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Одоогийн байдлаар бидэнд тулгарч буй бизнесийн нөхцөл байдал сорилттой байгаа хэдий ч, ажилтнуудынхаа цалин хөлс, нийгмийн хамгааллын нөхцөлийг сайжруулахад бодит ахиц гаргахаар бүх хүчээ дайчлан ажиллаж байна. Үүний зэрэгцээ компанийн урт хугацааны тогтвортой байдлыг хадгалахын тулд харилцан тэнцвэртэй шийдэлд хүрэхийг зорьж байна.
Хэлэлцээний явцын талаар бид ажилтнууддаа тогтмол мэдээлэл хүргэж, ил тод байдлыг дээдлэх болно. Та бүхний хүлээцтэй байдал, хичээл зүтгэлд талархал илэрхийлье.
Хүндэтгэсэн,
“Оюу толгой” ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо
“Оюу толгой” ХХК-ийн Орон нутгийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороо
“Оюу толгой” ХХК