
Хамтын хэлэлцээ үргэлжилж, талууд ажилтнуудын цалин хөлс болон бусад асуудлуудыг хэлэлцсээр байна. Өнгөрсөн долоо хоногт хэлэлцээний төлөөлөгчид үндсэн цалин, урамшуулал болон чөлөөний бодлогын талаарх талуудын саналыг нарийвчлан хэлэлцэж эхэлсэн. Ажил олгогчийн зүгээс ҮЭХороодоос ирүүлсэн хамтын гэрээний төслийн хүрээнд багц саналаа танилцуулж, талуудын байр суурь, үндэслэл, нөхцөл байдлын тухай мэдээллийг харилцан солилцож хэлэлцсэн. Гэвч үндсэн цалингийн асуудлаар саналын зөрүү их байсан тул тодорхой зөвшилцөлд хүрэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байв.
Харин энэ долоо хоногт талууд хэлэлцээ удааширснаар ажилтнуудад хүрэх үр өгөөжийн хугацаа хойшлогдох эрсдэлийг бууруулах, мөн харилцан ойлголцолд хүрэх, үр ашигтай шийдэл гаргах хамтын зорилгоо эрхэмлэн харилцан байр сууриа эргэн нягталж, ахиц дэвшил гаргахаар хэлэлцээний хурлуудаа үргэлжлүүлж эхэлсэн.
Хамтын хэлэлцээний төслийн хүрээнд олон саналыг хэлэлцэж байгаа учраас талууд асуудал бүрийг нухацтай шийдвэрлэхийн тулд ажилтнуудын нөхцөл байдал, одоогийн хэрэгжиж буй бодлого, систем, төслүүд, мөн хуулийн зохицуулалт, зарим шилдэг жишиг туршлагыг сайтар хянан хэлэлцэж байгаа бөгөөд энэхүү үйл явцад тодорхой хугацаа шаардлагатай байгааг хамт олон та бүхнийг ойлгож хүлээн авна гэж найдаж байна.
Хүндэтгэсэн,
“Оюу толгой” ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо
“Оюу толгой” ХХК-ийн Орон нутгийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороо
“Оюу толгой” ХХК