
Хэлэлцээ эхэлснээс хойш талууд хамтын гэрээний төсөлд тусгасан асуудал нэг бүрийг нягтлан хэлэлцэж, одоогийн байдлаар илүү цагийн нэмэгдэл хөлс, шөнийн цагийн нэмэгдэл хөлсний саналууд дээр одоогийнхоос илүү таатай нөхцөлөөр тохиролцоонд хүрээд байгаа билээ. Талуудын дээрх тохиролцоо нь одоогийн байдлаар өдөрт 12 цагаар ажилладаг өдөр шөнийн ээлж бүхий уртын ээлжийн ажилтны цалин хөлсийг дунджаар 34 гаруй хувиар нэмэгдүүлэхээр байгаа төдийгүй бусад асуудлаар үргэлжлүүлэн хэлэлцэж байгаа боловч харамсалтай нь хэлэлцээний үйл явц удааширсаар байна.
Талууд өнгөрсөн гурван долоо хоногийн хугацаанд үндсэн цалин нэмэх, хоол унааны хөнгөлөлт болон бусад нэмэгдэл олговоруудыг сайжруулах талаар хэлэлцлээ. Үндсэн цалинг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор талууд санал зөрүүтэй хэвээр байж, харилцан зөвшилцөлд хүрээгүй нөхцөл нь хэлэлцээ удаашрах шалтгаан болоод байна.
Өнөөдөр ажил олгогчийн зүгээс үндсэн цалинг нэмэгдүүлэх сайжруулсан эцсийн саналаа Үйлдвэрчний Эвлэлийн Хороодод тавьсан бөгөөд хороодын зүгээс шийдвэр гаргахад хугацаа шаардлагатай гэж үзсэн тул 11 сарын 5-ны өдөр хүртэл хурлын дэгийн дагуу завсарлага авлаа. Ирэх Мягмар гарагт хороодын шийдвэрийг сонсож хэлэлцээний хурал үргэлжилнэ.
Хүндэтгэсэн,
“Оюу толгой” ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо
“Оюу толгой” ХХК-ийн Орон нутгийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороо
“Оюу толгой” ХХК